«PASS ЦАХИМ МӨНГӨ»-НИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ
Нэг талаас Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Махатма ганди, 31/1, Эн Эм тауэр А блок, 9 давхар хаягт орших «ДАТА БЭЙНК» ХХК /Улсын бүртгэлийн 9011568140, 6011616 регистрийн дугаартай/ (цаашид «Цахим мөнгө гаргагч» гэх), нөгөө талаас энэхүү гэрээний нөхцлийг зөвшөөрсөн «Хэрэглэгч» (хамтад нь «Талууд» гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 PASS цахим мөнгө үйлчилгээг PASS хэтэвчийн хэрэглэгч авах боломжтой буюу энэхүү «Хэрэглэгчтэй байгуулах үйлчилгээний гэрээ»-ний нөхцөлтэй танилцан баталгаажуулалт хийн зөвшөөрснөөр бүрэн бүртгэлтэй «Хэрэглэгч» болно.
1.2 Энэхүү гэрээг 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд байгуулна. 18 насанд хүрээгүй хэрэглэгч гэрээ байгуулах хүсэлтэй бол түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг эх, асран хамгаалагч/ гэрээг байгуулж, гэрээний дагуу хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.3 PASS цахим мөнгө үйлчилгээнд PASS хэтэвч дээрх мэдээлэлд (овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг, гар утасны дугаар) үндэслэн төрийн үйлчилгээний ХУРДАН системээр баталгаажуулснаар бүртгэлтэй хэрэглэгч болж PASS цахим мөнгө дансаараа дараах хязгаартайгаар гүйлгээ хийх, дансны үлдэгдлээ хянах боломжтой.
1.4 Хэрэглэгчийн дансны нууцлалыг хангах нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд «PASS Цахим мөнгөний системийн ажиллагаа, үйл ажиллагааны журам»-д заасан хэлбэр, хугацаанд хэрэглэгчид мэдэгдэнэ.
1.5 Гэрээнд тусгагдсан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
1.5.1 «PASS Цахим мөнгө» гэж PASS Цахим мөнгөний системээр дамжуулан төлбөр тооцоо хийхэд зориулсан, төгрөгтэй тэнцүү үнэ цэнэ бүхий цахим хэлбэрийн төлбөрийн хэрэгслийг (цаашид «цахим мөнгө» гэх);
1.5.2 «Худалдан авалт» гэж цахим мөнгө ашиглан бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа;
1.5.3 Бүртгэлгүй хэрэглэгчийн нөхцөл:
Нэг өдрийн гүйлгээний дээд хязгаар
40,000₮
(дөчин мянган төгрөг)
PASS цахим мөнгө дансны дээд үлдэгдэл
100,000₮
(нэг зуун мянган төгрөг)
1.5.4 Гэрээ байгуулсан хэрэглэгчийн нөхцөл:
Нэг өдрийн гүйлгээний дээд хязгаар
Байхгүй
Нэг удаагийн гүйлгээний дээд хязгаар
5,000,000₮
(таван сая төгрөг)
PASS цахим мөнгө дансны дээд үлдэгдэл
20,000,000₮
(хорин сая төгрөг)
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ
2.1 PASS цахим мөнгөний дансаа удирдаж гүйлгээ хийх, данс цэнэглэх, шилжүүлэг хийх, дансны үлдэгдэл, гүйлгээний түүх болон өөрийн бүртгэлийн мэдээллээ авах;
2.2 Хэрэглэгч 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН код эсхүл биометрик нууцлал, түүнтэй адилтгах бусад арга хэрэгслээр баталгаажуулах;
2.3 PASS цахим мөнгө үйлчилгээний шимтгэл
| Гүйлгээний төрөл |
Гүйлгээний зорилго |
Нэгж гүйлгээний шимтгэл |
| Орлогын гүйлгээ |
PASS цахим мөнгө дансанд шилжүүлэх |
0 төгрөг |
| Зарлагын гүйлгээ |
PASS цахим мөнгө цахим данснаас мөнгөн хөрөнгөд хөрвүүлэн гаргах |
300 төгрөг |
| Худалдан авалт |
PASS цахим мөнгө дансаар худалдан авалт хийх |
0 төгрөг |
| Билл төлөлт |
PASS цахим мөнгө данснаас төлбөр төлөх |
0 төгрөг |
| Шилжүүлэг |
PASS цахим мөнгө данс хооронд шилжүүлэг хийх |
0 төгрөг |
| Хуулга авах |
PASS цахим мөнгө дансныхаа хуулгыг авах |
100 төгрөг |
| Тодорхойлолт |
PASS цахим мөнгө дансны тодорхойлолт авах |
1,000 төгрөг |
| Банкны данс руу шилжүүлэг |
PASS цахим мөнгө данснаас банкны харилцах данс руу шилжүүлэх |
200 төгрөг |
2.4 PASS цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна;
2.5 PASS цахим мөнгөнд хүү тооцохгүй;
2.6 PASS цахим мөнгө үйлчилгээний Хэрэглэгчийн эрх:
- 2.6.1 Мөнгөн хөрөнгийг цахим дансанд хөрвүүлэх;
- 2.6.2 Цахим данс дахь мөнгийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх;
- 2.6.3 Цахим дансны шилжүүлэг хийх;
- 2.6.4 Цахим дансны мөнгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх;
- 2.6.5 Цахим дансны үлдэгдэл шалгах;
- 2.6.6 Гүйлгээний хуулга авах;
- 2.6.7 PASS цахим мөнгө үйлчилгээний эрхээ түр хаалгах, сэргээлгэх, цуцлах;
- 2.6.8 Өөрийн дансны үлдэгдэл болон гүйлгээний хуулгыг журмын дагуу авах, холбогдох мэдээлэлд тайлбар хүсэх;
- 2.6.9 Хэрэглэгч хувийн мэдээллээ хуулийн дагуу хамгаалуулах, ашиглуулах;
- 2.6.10 PASS цахим мөнгө үйлчилгээний болон гүйлгээний талаар 70704040 дуудлагын төвд гомдол гаргах, Монголбанк болон эрх бүхий байгууллагад хандах, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй;
- 2.6.11 Хэрэглэгч өөрийн данснаас зарлагын гүйлгээ хийх бүрдээ тухайн гүйлгээний мэдээллийг үйлчилгээний төлбөргүйгээр харах;
- 2.6.12 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах.
2.7 PASS цахим мөнгөний үйлчилгээний Хэрэглэгчийн үүрэг:
- 2.7.1 PASS цахим хэтэвчийн хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн өгөх. Хувийн мэдээлэлд өөрчлөлт орвол ажлын 5 хоногт багтаан 70704040 дуудлагын төвд хандан мэдэгдэх;
- 2.7.2 Төрийн мэдээллийн ХУРДАН систем ашиглан танин тодруулалт хийснээр хувийн мэдээллээ баталгаажуулан гэрээ байгуулах;
- 2.7.3 Хэрэглэгч нь гэрээг зайнаас байгуулах тохиолдолд иргэний үнэмлэхний нүүрэн болон ар талын зураг, мөн өөрийн үнэмлэхийг барьж авахуулсан зургийг цахим системээр дамжуулан үнэн зөв илгээх;
- 2.7.4 ХУРДАН системээр баталгаажуулсан хэрэглэгч өөрийн бүртгэлтэй мэдээллээ өөрчлөх тохиолдолд өөрийн бүртгэлтэй утасны дугаараас дуудлагын төвийн 70704040 утсанд холбогдон мэдээлэл өөрчлөх хүсэлтийг өгөх;
- 2.7.5 Хэрэглэгч нь өөрийн данснаас түүний зөвшөөрөлгүй хийгдсэн аливаа шилжүүлэг болон бүртгэлийн алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн тохиолдолд цахим мөнгө гаргагчид нэн даруй мэдэгдэх;
- 2.7.6 Өөрийн PASS цахим мөнгө дансны нууцлал болон аюулгүй байдлыг хангаж шаардлагатай тохиолдолд өөрчлөх, нууцлалыг хадгалах;
- 2.7.7 Хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээний төхөөрөмжөө алдсан, үйлчилгээний нууц үг, ПИН код, нэвтрэх эрхээ хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн данснаас эрх олгогдоогүй, маргаантай болон луйврын шинжтэй гүйлгээ хийгдсэнийг мэдсэн тохиолдолд 70704040 дугаарт нэн даруй мэдэгдэж дансыг түр хаалгах, мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг бүрэн хариуцах;
- 2.7.8 Гүйлгээ хийхдээ дансны дугаар, мөнгөн дүнг зөв оруулж, сайтар нягталсны дараа баталгаажуулах бөгөөд буруу оруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх;
- 2.7.9 Хэрэглэгч гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, аль нэг программыг буруу ажиллуулсан, гар утас, төхөөрөмж нь эвдэрсэн, унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, гар утасны эрх нь хаагдаж 90 хоногтоо орсон эсхүл төхөөрөмж гар утас, сим картаа гэрээнд зааснаас бусад байдлаар ашигласнаас гүйлгээ амжилтгүй болох гэх мэт аливаа үр дагавар, хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцах.
2.8 PASS цахим мөнгө гаргагч «ДАТА БЭЙНК» ХХК-ын эрх:
- 2.8.1 Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;
- 2.8.2 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлөөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны хүрээнд ашиглах;
- 2.8.3 Гэрээ байгуулсан хэрэглэгчид PASS цахим мөнгөний дансыг IBAN бүтцийн дагуу үүсгэх;
- 2.8.4 Хэрэглэгчийн PASS цахим мөнгө данснаас олон давтамжтай, сэжигтэйд тооцогдох гүйлгээ хийгдсэн тохиолдолд хэрэглэгчээс гүйлгээг шалгах, баталгаажуулахыг шаардах, дансыг түр хаах зэрэг ажиллагаа хийх;
- 2.8.5 Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;
- 2.8.6 PASS цахим мөнгө үйлчилгээг дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр дансыг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:
- 2.8.6.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
- 2.8.6.2 Дансыг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
- 2.8.6.3 Худал мэдээлэл өгсөн;
- 2.8.6.4 Хууран мэхэлсэн;
- 2.8.6.5 PASS цахим мөнгө үйлчилгээний үйл ажиллагаанд саад учруулсан;
- 2.8.6.6 PASS цахим мөнгө үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
- 2.8.6.7 Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон.
- 2.8.6.8 Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд дансыг түр хаах болон түдгэлзүүлэх;
2.9 PASS цахим мөнгө гаргагч «ДАТА БЭЙНК» ХХК үүрэг:
- 2.9.1 Гэрээний нөхцөлийг өөрийн санаачилгаар өөрчилж болох ба өөрчлөлтийг хуанлийн 30 (гуч) хоногийн өмнө цахим хэтэвч дэх мэдэгдэл, цахим хуудас болон 70704040 дуудлагын төвөөр дамжуулан мэдээлэх ба өөрчлөлт орсноос хойш хэрэглэгч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох;
- 2.9.2 Энэхүү гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг бусдад үл задруулах;
- 2.9.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлөөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны хүрээнд боловсруулах, ашиглах;
- 2.9.4 Хэрэглэгчийн гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх, системийн тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах;
- 2.9.5 70704040 дугаарт ирсэн санал хүсэлт, мэдэгдэл, гомдолд ажлын 3 (гурав) хоногийн дотор холбогдох хариу өгөх, шийдвэрлэх боломжтой бол ажлын 14 (арван дөрөв) хоногийн дотор, нарийн төвөгтэй тохиолдолд ажлын 30 (гуч) хоногийн дотор шийдвэрлэх;
- 2.9.6 ХУРДАН системээр баталгаажуулсан хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх хүсэлтийг дуудлагын төвийн 70704040 утсаар хүлээн авч шийдвэрлэх;
- 2.9.7 Хэрэглэгчийн цахим мөнгөнд хөрвүүлсэн мөнгөн хөрөнгийг банкны баталгааны дансанд 100% байршуулж, бизнесийн болон барьцааны зорилгоор ашиглахгүй байх;
- 2.9.8 Цахим мөнгө гаргагч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд баталгааны данс дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн хэрэглэгчийн цахим мөнгийг мөнгөн хөрөнгөд хөрвүүлэх зорилгоор ашиглах;
- 2.9.9 Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүдэн төлбөрийн үйлчилгээг зогсоох үед хэрэглэгчийн авлагыг хуульд заасны дагуу барагдуулахтай холбоотой авах арга хэмжээг аван хэрэглэгчийг хохиролгүй болгох.
- 2.9.10 Хэрэглэгчийн данснаас зарлагын гүйлгээ гарах бүрд тухайн гүйлгээний мэдээллийг үйлчилгээний төлбөргүйгээр харуулах боломжоор хангах;
ГУРАВ. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
3.1 Хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас өмнө «Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль»-д заасны дагуу түүнийг таньж мэдэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
3.2 Цахим мөнгө гаргагч нь хэрэглэгчийн гомдол маргааныг шийдвэрлэхдээ Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Хэрэглэгч, мерчанттай үүссэн гомдол, маргааныг шийдвэрлэх журам, энэхүү гэрээг мөрдөнө.
3.3 Цахим мөнгө гаргагч нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, системийн дүрэмд өөрөөр зааснаас бусад тохиолдолд:
- 3.3.1 Хэрэглэгчийн төлбөрийг саатуулж үл болно;
- 3.3.2 Гүйлгээг хүлээн авсан даруй төлбөр хүлээн авагчийн дансанд тусгана;
- 3.3.3 Хэрэглэгчийн хувийн болон гүйлгээний мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар ашиглахгүй.
- 3.3.4 Хэрэглэгчээс гаргасан гомдол, маргаан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай бүртгэл, хэрэглэгчийн гүйлгээний цахим мэдээг тухайн гүйлгээ үүссэн өдрөөс эхлэн хамгийн багадаа таваас доошгүй жил тус тус хадгална.
- 3.3.5 Гэрээ болон хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно.
- 3.3.6 Цахим мөнгө гаргагч тухайн гүйлгээг эрх олгогдоогүй этгээд үүсгэсэн, хууль бус гэж сэжиглэх үндэслэлтэй болон энэ гэрээнд заасан нөхцөл байдал үүссэн даруй гүйлгээний эрхийг тухайн нөхцөл байдал арилах хүртэлх хугацаагаар хааж, цаашид гарч болох эрсдэлээс хамгаална.
3.4 Цахим мөнгө гаргагч нь системд гэмтэл, саатал үүсэж, эсхүл төлөвлөгөөт зогсолтын улмаас хэрэглэгчийн төлбөр саатах тохиолдолд нөхцөл байдлын талаар тухай бүр хэрэглэгчдэд мэдэгдэж, зогсолт, саатлыг хурдан хугацаанд засаж, үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах арга хэмжээг авна.
3.5 Цахим мөнгө гаргагч нь үйлчилгээний нөхцөл, хөлс, шимтгэл, хураамжид өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэглэгчид хуанлийн 30 (гуч)-аас доошгүй хоногийн өмнө цахим хэтэвч дэх мэдэгдэл болон 70704040 дуудлагын төвөөр дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
3.6 Цахим мөнгө гаргагч нь хэрэглэгчийн хийж байгаа санхүүгийн болон санхүүгийн бус аливаа гүйлгээнээс шимтгэл авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 26.4-т заасны дагуу гүйлгээ хийгдэхээс өмнө шимтгэлийн дүн, тайлбарыг тодорхой харуулна.
3.7 Хэрэглэгчид олгох нууц үг, бусад нууцлах шаардлагатай мэдээллийг хэрэглэгчээс бусад этгээд олж мэдэх боломжгүй байх нөхцөлийг хангасан байна.
3.8 Цахим мөнгө гаргагч нь хэрэглэгч тухайн төлбөрийн хэрэгсэл, түүнтэй холбоотой нууц үг, гүйлгээ үүсгэхэд ашиглагдах бусад мэдээллийг гээж үрэгдүүлэх, бусдад алдах тохиолдолд гарч болох эрсдэлийн талаар болон хууран мэхлэх, залилангийн шинжтэй гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар хэрэглэгчийг мэдээллээр хангана.
3.9 Цахим мөнгө гаргагч нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор дараах тохиолдлыг маргаантай гүйлгээ гэж үзнэ:
- 3.9.1 Хэрэглэгчийн хийсэн гүйлгээ нь амжилтгүй гэсэн хариуг өгсөн боловч хэрэглэгчийн данснаас мөнгөн дүн хасагдсан,
- 3.9.2 Хэрэглэгчийн хийсэн гүйлгээ нь амжилттай гэсэн хариуг өгсөн боловч мерчант данс руу мөнгөн дүн шилжээгүй,
- 3.9.3 Хэрэглэгчийн данснаас хийсэн гүйлгээний мөнгөн дүн давхар хасагдсан,
- 3.9.4 Бусад
3.10 Маргаантай гүйлгээг хэрэглэгч болон банк, мерчантаас цахимаар, утас, албан бичгээр болон Монголбанкны нэгдсэн сүлжээгээр дамжуулан үүсгэж, шалгана.
3.11 Тухайн өдрийн гүйлгээний тайлан зөрсөн, маргаан үүссэн тохиолдолд дараах байдлаар шийдвэрлэнэ. Үүнд:
- 3.11.1 Төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч нь холбогдох тайлангаар алдаатай гүйлгээг илрүүлэн тодорхойлж Үндэсний цахим гүйлгээний төв (цаашид ҮЦГТ гэх)-ийн маргаантай гүйлгээний бүртгэлд бүртгэнэ.
- 3.11.2 Энэ гэрээний 3.11.1-д заасан тохиолдолд төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч нь тухайн өдрийн гүйлгээний холбогдох тайлангуудыг тулган шалгаж, нягталсны үндсэн дээр гүйлгээг буцаах шийдвэрийг журмын дагуу боловсруулан эрх бүхий ажилтны зөвшөөрлөөр буцаалтын гүйлгээг хийх баримт үйлдэн мерчантын дансны байршиж буй банканд хүргүүлж ажиллана.
- 3.11.3 Энэ гэрээний 3.11.2-т заасан тохиолдолд хэрэглэгч эсвэл мерчантын хүсэлтийг үндэслэн цахим мөнгө гаргагчид хандан асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг илгээж ажиллана. Энэ тохиолдолд цахим мөнгө гаргагчийн холбогдох журмыг баримтална.
- 3.11.4 Энэ гэрээний 3.11.3-т заасан тохиолдолд төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогч нь худалдан авагчийн хүсэлтийг үндэслэн холбогдох программ болон тайлангуудыг тулган шалгаж, нягталсны үндсэн дээр гүйлгээг залруулах шийдвэр боловсруулан эрх бүхий ажилтны зөвшөөрлөөр гүйлгээг залруулах баримт үйлдэн мерчантын дансанд шилжүүлж ажиллана.
3.12 Дараах тохиолдолд сэжигтэй болон луйврын гүйлгээ байж болзошгүй гэж тодорхойлно. Үүнд:
- 3.12.1 Нэг ижил дансаар эсвэл нэг хэрэглэгчээр олон гүйлгээ хийгдвэл;
- 3.12.2 Маргаантай гүйлгээ үүсэх тоо нэмэгдвэл;
- 3.12.3 Нэг өдөрт хийгдэх гүйлгээний нийт дүн, тоо огцом нэмэгдвэл;
- 3.12.4 Хийгдэж буй нэг гүйлгээний дундаж дүн өсвөл;
- 3.12.5 Хийгдэж буй буцаалтын гүйлгээний хувь хэмжээ өсвөл;
- 3.12.6 Нийт гүйлгээний дүн chargeback (буцаалтаар) ирүүлсэн маргаантай гүйлгээний дүн, тооны харьцаа зохих түвшинд ойртох эсвэл хэтэрсэн тохиолдолд;
3.13 Луйврын гүйлгээ хариуцсан ажилтан нь луйврын гүйлгээнээс урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- 3.13.1 Цахим мөнгөний маргаантай болон луйврын гүйлгээтэй холбоотой заавар, журмууд, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг судалж, холбогдох зөвлөмжийг бусад газар, нэгжүүдэд хүргүүлэх;
- 3.13.2 Маргаантай гүйлгээний тайлан мэдээнд үндэслэн маргаантай, луйврын шинжтэй, болон сэжигтэй гүйлгээний төрөл, чиг хандлагын талаар судалгаа, дүгнэлтийг гаргаж холбогдох газар, нэгжид танилцуулах;
- 3.13.3 Сэжигтэй гүйлгээ гарсан мерчантын гүйлгээний мэдээлэл нь заасан стандартын дагуу хийгдсэн эсэхийг хариуцсан ажилтан шалгах ба шаардлагатай тохиолдолд системийн тохиргоог нэмж шалгах;
3.14 Мерчантад луйврын гүйлгээ гарсан тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- 3.14.1 Мерчант нь хамтран ажиллах гэрээнд тусгагдсанаар төлбөрт хүлээн авах стандарт шаардлагуудыг хангаж ажилласан эсэхийг тогтоох;
- 3.14.2 Мерчантаас албан бичгээр тайлбар авч луйврын гүйлгээ гарсан шалтгааныг тодруулах;
- 3.14.3 Интернэт үйлчилгээний байгууллага дээр луйврын гүйлгээ гарсан бол Монголбанк болон холбогдох эрх бүхий байгууллагатай хамтарч луйврын гүйлгээ гарсан интернэт сайтын гүйлгээ хийх холболтыг түр зогсоох;
- 3.14.4 Луйврын гүйлгээг шалгаж дуустал Мерчантийн түр дансны үлдэгдэлд хаалт тавьж, төлбөрийн гүйлгээг Мерчантийн харилцах дансанд шилжүүлэхийг түр зогсоох;
- 3.14.5 Хамтран ажиллах гэрээний дагуу гарсан хохирлыг төлүүлэх;
- 3.14.6 Зайлшгүй тохиолдолд Мерчанттай хамтран ажиллах гэрээг цуцлах.
- 3.14.7 Луйврын гүйлгээ хийгдсэн, хийхийг завдсан тохиолдолд дараах ажиллагааг хийнэ. Үүнд:
- 3.14.7.1 Мерчанттай утсаар холбогдож, гүйлгээ зогсоож, хяналтын камерын бичлэг, зарлагын баримт, худалдан авсан бараа, худалдан авагчийн талаарх мэдээллийг хадгалахыг сануулах;
- 3.14.7.2 Хуулийн ажилтанд нэн даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлэх.
3.15 Цахим мөнгө хэрэглэгчийн данснаас луйврын гүйлгээ хийгдсэн байж болзошгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч ажиллана. Үүнд:
- 3.15.1 Программ дээр уг дансны үлдэгдэл, лимит, орлого зарлага орсон байдал, гүйлгээ гарсан үйлчилгээний байгууллагын төрөл, өмнөх гүйлгээний түүх зэргийг шалгах;
- 3.15.2 Цахим мөнгө хэрэглэгч, түүний гэр бүл, ажлын утас зэрэг программд бүртгүүлсэн боломжит мэдээллийн дагуу холбоо барьж, уг гүйлгээг Цахим мөнгө хэрэглэгч өөрөө хийж буй эсэхийг баталгаажуулах;
- 3.15.3 Цахим мөнгө хэрэглэгч өөрөө хийгээгүй болон Цахим мөнгө хэрэглэгчтэй холбоо барих боломжгүй, хийсэн эсэх нь тогтоогдоогүй бол программд Цахим мөнгө хэрэглэгчийн дансыг яаралтай хааж, системд бүртгүүлэх;
- 3.15.4 Эрсдэл гарч болзошгүй дансыг хааж дахин үүсгэх;
- 3.15.5 Авсан арга хэмжээний талаар Хэрэглэгч, мерчанттай үүссэн гомдол маргааныг шийдвэрлэх журмын Хавсралт 1-д заасан загварын дагуу тайлан хөтөлж шууд хариуцсан ажилтан холбогдох газар, нэгжүүдэд танилцуулж дараагийн арга хэмжээг авах;
- 3.15.6 Луйврын гүйлгээ болох нь тогтоогдсон бол маргаантай гүйлгээ үүсгэж, дараах баримтыг бүрдүүлж өгөх:
- 3.15.6.1 Харилцагчийн бичгээр гаргасан дэлгэрэнгүй тайлбар бүхий өргөдөл, гомдол;
- 3.15.6.2 Маргаантай гүйлгээг шалгах, шийдвэрлэх явцад бүрдүүлсэн нотлох баримтууд;
- 3.15.6.3 Дэлгэрэнгүй тайлбар, танилцуулсан санал;
- 3.15.6.4 Шийдвэр, хурлын протокол;
- 3.15.6.5 Гүйцэтгэх захирлын тушаал;
- 3.15.6.6 Бусад холбогдох бичиг баримтууд.
3.15.7 Луйврын гүйлгээтэй холбоотой асуудлаар цахим мөнгө гаргагчийн хуулийн ажилтан болон хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах зэрэг арга хэмжээг авна.
ДӨРӨВ. БУСАД
4.1 Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
4.2 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүдсэн нөхцөл байдал 60 (жар) хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талуудын аль нэг нь гэрээг цуцлах эрхтэй. Ийнхүү цуцлагдсан тохиолдолд хэрэглэгчийн дансны үлдэгдлийг гэрээнд заасан нөхцөлөөр буцаан олгоно.
4.3 Энэхүү гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4.4 Гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ мэдээллийг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд бусдад бичгээр буюу амаар задруулах, гэрээнд зааснаас өөр зорилгоор ашиглах, дамжуулахыг хориглоно.
4.5 Хэрэглэгч гэрээ байгуулснаар «ДАТА БЭЙНК» ХХК-д дараах зөвшөөрлийг өгч байгаа болно. Үүнд:
- 4.5.1 Хэрэглэгчийн мэдээлэл ашиглан үйлчилгээ үзүүлэх;
- 4.5.2 Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх;
- 4.5.3 Үйлчилгээний мэдээ, мэдээлэл хүргэх;
- 4.5.4 Хууль болон гэрээнд заасан үүргийг биелүүлэх болон энэхүү гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу шаардлагатай мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах.
4.6 «PASS цахим мөнгө үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ»-тэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
Холбоо барих
70704040
«ДАТА БЭЙНК» ХХК
info@databank.mn